“АВТО ЗАМЫН ЗАСВАР АРЧЛАЛТЫН НЭГТГЭЛ” ТӨРИЙН ӨМЧИТ ХУВЬЦААТ КОМПАНИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь заалт, Засгийн газрын 2023 оны 220 дугаар тогтоол, “Авто замын засвар арчлалтын нэгтгэл”

Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь заалт, Засгийн газрын 2023 оны 220 дугаар тогтоол, “Авто замын засвар арчлалтын нэгтгэл” төрийн өмчит хувьцаат компаний дүрэм, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” А/71 дүгээр тушаалыг тус тус үндэслэн “Авто замын засвар арчлалтын нэгтгэл” төрийн өмчит хувьцаат компанийн Гүйцэтгэх захирлын албан тушаалын сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

АЛБАН ТУШААЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА:

Нийтлэг шаардлага:

  1. Монгол Улсын иргэн байх;
  2. Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй;
  3. Сэтгэцийн өвчин, эмгэггүй;
  4. 2-оос доошгүй гадаад хэлний ярианы болон бичгийн ур чадвар дундаас дээш түвшинтэй байх;

Тусгай шаардлага:

  1. Боловсрол: Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй.
  2. Мэргэжил: -Иргэний ба үйлдвэрийн барилга байгууламж /0732/ – Менежмент ба удирдахуй /0413/
  3. Мэргэшил: Авто замын салбарын менежмент удирдахуйн чиглэлээр мэргэшсэн байх.
  4. Туршлага: Авто замын салбарын аль нэг хуулийн этгээд буюу түүний салбар нэгжийн удирдах албан тушаалд 5-аас доошгүй жил ажилласан, удирдан зохион байгуулах ажлын туршлагатай, салбарын байгууллагад мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан байх.
  5. Тухайн нэр дэвшигч нь “Авто замын засвар арчлалтын нэгтгэл” төрийн өмчит хувьцаат компанийн Гүйцэтгэх захирлаар ажиллахад ашиг сонирхлын зөрчил үүсэхгүй байх.
  6. Нэр дэвшигч нь авто замын салбарын чиглэлээр судалгааны ажилд оролцсон байх.
  7. Компанийн засаглалын гэрчилгээтэй байх.

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

  1. Сонгон шалгаруулалтад оролцох тухай нэр дэвшигчийн хүсэлт (сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтээ тодорхой бичих);
  2. Анкет (төрийн албан хаагчийн анкетыг бүрэн бөглөх, 4х6 хэмжээтэй цээж зураг заавал наасан байх);
  3. Ажил байдлын тодорхойлолт (ажил эрхэлдэг иргэн байгууллагаасаа тодорхойлолт авах, ажил эрхэлдэггүй иргэн өөрийн хийж гүйцэтгэсэн ажлын талаарх мэдээлэл);
  4. Нийгмийн даатгал төлсөн талаарх тодорхойлолт /e-mongolia цахим хуудаснаас татан авах/;
  5. Боловсролын түвшнийг тодорхойлсон баримт бичиг /диплом/, хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг болон бусад сургалт, семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар;
  6. Иргэний үнэмлэхийн хуулбар;  
  7. Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /e-mongolia цахим хуудаснаас татан авах/.
  8. Нэр дэвшигчийн зүгээс “Авто замын засвар арчлалтын нэгтгэл” ТӨХК-ыг урт, дунд хугацаанд хөгжүүлэх төлөвлөгөө, зорилго, зорилтын талаарх 2000-с доошгүй үгтэй танилцуулга бичиж ирүүлнэ. Танилцуулах илтгэлийн цахим PDF хувийг энэхүү зард заагдсан цахим шуудангийн хаягаар урьдчилан ирүүлсэн байна.

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ

  1. Сонгон шалгаруулалтыг дараах үе шаттайгаар зохион байгуулна. Үүнд:
    • Сонгон  шалгаруулалтын  материал  хүлээн авах хугацаа дууссаны дараа Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар сонгон шалгаруулалтад оролцохоор материалаа ирүүлсэн нэр дэвшигчдийн материалыг хянан үзэж бичиг баримтын бүрдэл, тусгай шаардлагыг хангаж байгаа эсэх болон “Авто замын засвар арчлалтын нэгтгэл” ТӨХК-ийг урт, дунд хугацаанд хөгжүүлэх төлөвлөгөө, зорилго зорилтын талаарх танилцуулга зэрэгт тулгуурлан хянан үзэж, санал дүгнэлт гаргана.
    • Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас шаардлага ханган тэнцсэн нэр дэвшигчийг сонгон шалгаруулж, санал дүгнэлтийг ажлын 3 хоногт багтаан “Авто замын засвар арчлалтын нэгтгэл” ТӨХК-ий Төлөөлөн удирдах зөвлөлд  албажуулан хүргүүлнэ.
  2. Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа, хаяг: Сонгон шалгаруулалтад орох иргэний материалыг 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 17:30 цаг хүртэл хугацаанд dariimaa@pcsp.gov.mn цахим хаягаар болон бичгээр битүүмжилснийг тус тус хүлээн авна.
  3. Анхаарах зүйлс:
    • Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахаас татгалзана.
    • Материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтад оролцох боломжгүй тул хасна.
    • Сонгон шалгаруулалтын шаардлага хангасан иргэнтэй Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас холбоо барина.
    • Нэр дэвшигчийн материалыг цахимаар авахаас гадна цаасаар 1 хувь хэвлэн дугтуйнд хийж битүүмжлэн, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын бичиг хэргийн 216-б тоот өрөөнд дээрх хугацаанд багтаан ирүүлэхийг анхаарна уу.
    • Нэмэлт мэдээллийг 51-267034 дугаарын утаснаас авна уу. 

ТӨРИЙН ӨМЧИЙН БОДЛОГО, ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР