Төрийн өмчийн хороо
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэнтэй холбогдуулан Засгийн газрын 1996 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 177 дугаар тогтоолоор Төрийн өмчийн хороог байгуулж, Засгийн газрын 1996 оны 184 дүгээр тогтоолоор Төрийн өмчийн хорооны зохион байгуулалтын бүтэц, дүрмийг баталжээ.
Төрийн өмчийн хороо нь Засгийн газрын үндсэн бүтцийн байгууллага бөгөөд үндсэн зорилт нь төрийн өмчийн эд хөрөнгийн эзэмшилт, ашиглалт, хадгалалт, бүртгэл тайлан, тооцоонд хяналт тавьж, үр ашгийг дээшлүүлэх, Засгийн газрын шийдвэрээр төрийн өмчийг хувьчлах ажлыг зохион байгуулж хэрэгжүүлэх, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд төрийн төлөөллийг хэрэгжүүлэх, төрийн захиргааны байгууллагыг шаардлагатай эд хөрөнгөөр хангах үндсэн үүргийг хэрэгжүүлж байсан.
Төрийн өмчийн хороо нь бүрэн эрхийн хүрээнд дор дурдсан чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар дүрэмд заасан.
- Төрийн өмчийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих, үр дүнг судалж боловсронгуй болгох талаар санал боловсруулж, зохих журмын дагуу шийдвэрлүүлэх;
- Төрийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах, үнэлэх, хувьчлах талаар эрх хэмжээнийхээ хүрээнд аргачлал, заавар, журмыг боловсруулж, батлан хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
- Төрийн өмчийг хувьчлах талаар тухайн жилд явуулах бодлого, хөтөлбөрийг боловсруулан Засгийн газар, Улсын Их Хуралд оруулан шийдвэрлүүлэх;
- Батлагдсан хөтөлбөрийн дагуу төрийн өмчийг хувьчлах ажлыг зохион байгуулж, гүйцэтгэлд нь хяналт тавьж, үр дүнг тайлагнах;
- Төрийн өмчийн эд хөрөнгийн эзэмшилт, хадгалалт, хамгаалалтыг сайжруулах,түүний ашиглалтад хяналт тавьж, үр ашгийг дээш лүүлэх арга хэмжээ авах, төрийн өмчийн бүртгэл, тооллого, тайлан тэнцэл хянах ажлыг зохион байгуулж удирдах;
- Төрийн өмчийн төлөөлөл, өмч хувьчлалын ажлын эрх зүйн үндсийг бүрдүүлэх, боловсронгуй болгох санал боловсруулах, энэ талаар холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах;
- Төрийн өмчийн эзэмшилт, ашиглалт, төлөөлөл, хувьчлалтай холбогдуулан байгууллага, иргэдээс ирүүлсэн санал, хүсэлт, мэдээллийг хянан үзэж шийдвэрлэх;
- Төрийн өмчит үйлдвэрийн газрын удирдлагыг хууль тогтоомжид заасны дагуу томилох, чөлөөлөх, түүнтэй гэрээ байгуулах, төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд төрийн өмчийн төлөөлөгчийг томилж, түүний үйл ажиллагаанд хяналт тавих;
- Батлагдсан норм, нормативын үндсэн дээр төрийн байгууллагуудыг шаардлагатай эд хөрөнгөөр хангах;
- Орон нутгийн өмчийг удирдах ажилд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх;
- Засгийн газраас тогтоосон журмын хүрээнд төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээслэх.
Төрийн өмчийн хороо нь:
- Төрийн өмчийн бүртгэл, хяналт, норм нормативын газар;
- Өмч хувьчлалын газар;
- Төрийн байгууллагуудын хангамжийн газар;
- Тамгын хэлтэс /газар/ гэсэн 3 газар, 1 хэлтэстэй, 60 орон тоотой ажиллаж байв.
Мөн төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх үүрэг бүхий аж ахуйн тооцоон дээр ажилладаг агентлаг Төрийн өмчийн хорооны дэргэд байхаар тогтоосон байна.
Төрийн өмчийн хорооны даргаар
- З.Энхболд /1996-1999/
- Д.Зоригт /1999-2000/
- Л.Пүрэвдорж /2000-2004/
- Г.Цэндсугар /даргын үүрэг гүйцэтгэгч/ /2004, 05-2004,10/
- З.Энхболд /2004-2005,09/
- Л.Ариунаа /даргын үүрэг гүйцэтгэгч/ /2005,09-2006,02/
- Д.Сугар /2006,02-2012,02/
- Д.Заяабал /даргын үүрэг гүйцэтгэгч/ /2012,02-08/
- Ц.Нанзаддорж /2012,08-2012,12/
- Д.Цогтбаатар /2012,12-2013/
- Ц.Нанзаддорж /2013-2015,12/ нар ажиллаж байлаа.
Засгийн газрын 2016 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 5 дугаар тогтоолоор Төрийн өмчийн хороо татан буугдаж, эрхэлж байсан чиг үүрэг нь санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад шилжсэн.
Худалдан авах ажиллагааны газар
Улсын Их Хурлын 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 14 дүгээр тогтоол, Засгийн газрын 2012 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 6 дугаар тогтоолоор Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулах мэргэжлийн байгууллага болох Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Худалдан авах ажиллагааны газар байгуулагдсан.
Худалдан авах ажиллагааны газрын эрхэм зорилго нь Худалдан авах ажиллагааг ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай зохион байгуулахад оршино.
Худалдан авах ажиллагааны газар нь үйл ажиллагааны дараах тэргүүлэх чиглэлийг баримтлан ажиллаж байв.
- Худалдан авах ажиллагааны үр ашигтай тогтолцоог бий болгон хөгжүүлэх;
- Худалдан авах ажиллагааны талаарх төрийн бодлого, зохицуулалтын хэрэгжилтийг зохион байгуулах;
- Худалдан авах ажиллагааг ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчимд тулгуурлан төлөвлөж, зохион байгуулан хэрэгжүүлж , тайлагнах;
- Худалдан авах ажиллагаанд менежментийн шинэлэг чиг хандлага, ур чадварыг ашиглах;
- Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх.
Худалдан авах ажиллагааны газар нь Монгол Улсын Шадар сайдын 2012 оны 42 дугаар тушаалаар баталсан “Худалдан авах ажиллагааны газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр”-т тусгагдсан эрхэм зорилго, стратегийн зорилт, үйл ажиллагааг хэрэгжүүлж ажиллах хүрээнд дараах зохион байгуулалтын бүтцийн нэгжтэй ажиллаж байжээ.
- Захиргаа удирдлагын хэлтэс;
- Бараа худалдан авах ажиллагааны хэлтэс;
- Ажил худалдан авах ажиллагааны хэлтэс;
- Зөвлөх үйлчилгээ худалдан авах ажиллагааны хэлтэс;
- Цахим худалдан авах ажиллагааны хэлтэс;
- Хуулийн хэлтэс;
- Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс;
- Сургалт сурталчилгаа, олон нийттэй харилцах хэлтэс гэсэн 8 хэлтэстэй, 65 орон тоотой үйл ажиллагаа явуулж байжээ.
Худалдан авах ажиллагааны газрын даргаар:
- Д.Энхжаргал /2012-2015,04/
- Х.Улам-Өрнөх /2015,04-2016,01/
- Н.Отгонбаяр /2016,01-2016,08/ нар ажиллаж байлаа.
Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Худалдан авах ажиллагааны газрыг татан буулгаж Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын нэг хэлтэс болгон зохион байгуулсан.
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
Улсын Их Хурлын 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар тогтоол, Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 04 дүгээр тогтоолын дагуу Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрыг байгуулсан.
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нь Төрийн болон орон нутгийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлж, чиг үүргийг хариуцаж энэ талаар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, бусад бодлогын баримт бичигт тусгагдсан зорилт, арга хэмжээг зохион байгуулан хэрэгжүүлж, Засгийн газар, Ерөнхий сайдыг мэргэжил, арга зүйн зөвлөгөө, дэмжлэгээр хангах үүрэг, хүлээж ажилладаг.
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын эрхэм зорилго нь төрийн өмчийн талаарх бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, удирдлагыг сайжруулах, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд сайн засаглалыг хөгжүүлэх замаар өмчийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, худалдан авах ажиллагааг олон улсын жишигт хүргэн ил тод, өрсөлдөх тэгш боломжийг хангахад оршино.
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл:
- Төрийн өмчийн бодлого, зохицуулалтыг хуулийн хүрээнд хэрэгжүүлэх;
- Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд компанийн сайн засаглалыг нэвтрүүлэх;
- Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх;
- Төрийн өмчит хуулийн этгээдийн менежментийг сайжруулах, өөрчлөн байгуулах, хувьчлах, шинээр байгуулах, татан буулгах замаар төрийн өмчийн үр өгөөжийг нэмэгдүүлэх;
- Төрийн өмчит компаниудаас нэмэлт хувьцаа гаргаж, нийтэд санал болгох (ipo хийх) хөрөнгө оруулалт татах ажлыг зохион байгуулж, үр ашгийг нэмэгдүүлэх;
- Төрийн өмчийн эд хөрөнгийн бүрэн бүтэн байдал, эзэмшил, хадгалалт, хамгаалалтыг сайжруулах, үр ашигтай байлгахад хяналт тавих;
- Худалдан авах ажиллагаанд олон улсын шилдэг арга барил, туршлагыг нэвтрүүлэх, үр дүнг нээлттэй, ил тод тайлагнах;
- Худалдан авах ажиллагааны суурь мэдлэг олгох сургалт зохион байгуулах, гэрчилгээ олгох;
- Нээлттэй, ил тод, шуурхай, чанартай, хүртээмжтэй үйлчилгээг иргэд, хуулийн этгээдэд үзүүлэх.
Засгийн газрын 2016 оны 4 дүгээр тогтоолоор Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын орон тооны хязгаарыг, үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийн ерөнхий загварыг баталсан.
Ерөнхий сайдын 2016 оны 57 дугаар захирамжаар “Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын үйл ажиллагааны стартеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр”-ийг баталсан бөгөөд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын зохион байгуулалтын бүтцийг дараах байдлаар тусгажээ.
- Захиргаа, хууль зүйн хэлтэс (Мэдээлэл технологийн алба);
- Бодлого төлөвлөлт, удирдлагын хэлтэс;
- Төрийн өмчийн бүртгэл, хяналтын хэлтэс;
- Худалдан авах ажиллагааны хэлтэс гэсэн 4 хэлтэс, 1 алба, 75 орон тоотой үйл ажиллагаагаа явуулж байна.
Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 49 дүгээр тогтоолоор Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын орон тооны бус гишүүнээр:
- Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга;
- Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Захиргаа, хүний нөөцийн газрын дарга;
- Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга;
- Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга;
- Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга;
- Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга;
- Барилга, хот байгуулалтын яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга;
- Зам, тээврийн хөгжлийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга нар тус тус томилогдон ажилллаж байна.