“ШИВЭЭ-ОВОО” ХУВЬЦААТ КОМПАНИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ СОНГОН ШАЛГАРУУЛА ЗАР

Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.8, 81 дүгээр зүйлийн 81.5.1, 81.5.2 дахь заалт, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 20

Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.8, 81 дүгээр зүйлийн 81.5.1, 81.5.2 дахь заалт, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 97 дугаар тогтоолоор батлагдсан “Гүйцэтгэх удирдлагын үйл ажиллагааны журам”, “Шивээ-Овоо” ХК-ийн дүрмийг тус тус үндэслэн “Шивээ-Овоо” ХК-ийн Гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

НЭГ. КОМПАНИЙН МЭДЭЭЛЭЛ

“Шивээ-Овоо” ХК нь 1990 онд Эрчим хүч, уул уурхайн үйлдвэр, Геологийн яамны сайдын 11 дүгээр тушаалаар Хамгаалалт ашиглалтын түр захиргааг татан буулгаж, Налайх дахь уурхайн барилга Трестийн харьяалалд үүсгэн байгуулагдсан.

Шивээ Овоогийн нүүрсний уурхайг түшиглэн Говьсүмбэр аймгийн Шивээговь сум 1989 оноос эхлэн хөгжиж өнөөгийн байдлаар 3,500 хүнтэй дэд бүтэц хөгжсөн, соёл, боловсрол, эрүүл мэнд, худалдаа үйлчилгээ бүхий суурин бий болсон.

Монгол улсын Засгийн газраас тус уурхайг хувьчлах шийдвэр гаргаж, улмаар 1995 онд Хувьцаа эзэмшигчдийн хурлаар тус уурхайг Төрийн өмч давамгайлсан “Шивээ-Овоо” ХК болгон зохион байгуулж, компанийн нийт хувьцааны 90 хувийг төрийн төлөөллийг хэрэгжүүлэгч “Эрдэнэс Монгол” ХХК эзэмшдэг, 10 хувийг бусад хувьцаа эзэмшигчид буюу 3,300 гаруй хувьцаа эзэмшигчид эзэмшдэг.

Сүүлийн жилүүдэд уурхайн уулын ажлын /нүүрс олборлолт, борлуулалт, хөрс хуулалт/ хэмжээ тогтвортой нэмэгдэж, нүүрсний дотоодын зах зээл дээр эзлэх байр суурь улам бүр бэхжиж, Төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний 54.4 хувь, Монгол Улсын эрчим хүч, дулааны хамгийн том үйлдвэр “ДЦС-4” ТӨХК-ийн нүүрсний хэрэглээний 50 хувь, “Амгалан ДС” ТӨХК-ийн 50 хувийг тус тус ханган ажиллаж байна.

“Шивээ-Овоо” ХК нь Стратегийн орд газрууд дээр үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчит уул уурхайн болон дэд бүтэц, логистикийн компаниудаас бүрддэг Үндэсний баялгийн сангийн орлого төвлөрүүлэгч “Эрдэнэс Монгол” нэгдлийн ууган компани бөгөөд бүтээн байгуулалт, томоохон төслүүдийг амжилттай хэрэгжүүлэн, тогтвортой хөгжил, инновацыг дэмжсэн үйл ажиллагаагаар зах зээлд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлж, Эрчим хүчний нүүрс олборлолт, борлуулалтаараа Монгол улсын тэргүүлэгч компани болох зорилтыг дэвшүүлж байна.

ХОЁР. НЭР ДЭВШИГЧИД ТАВИГДАХ НИЙТЛЭГ ШААРДЛАГА

1. Гүйцэтгэх захирлын ажил, үүргийг гүйцэтгэх ур чадвар, мэдлэг боловсрол, ажлын туршлагатай байх;

2. Өөрөө болон нэгдмэл сонирхолтой этгээд нь компанитай сүүлийн 3 жилийн хугацаанд аливаа бизнесийн харилцаанд орж байгаагүй, ашиг сонирхлын зөрчилгүй байх;

3. Нэгдмэл сонирхолтой этгээд нь сүүлийн 3 жилийн хугацаанд тухайн компанид, эсхүл түүний хараат болон охин компанид эрх бүхий албан тушаал эрхэлж байгаагүй байх;

4. Арилжааны банканд хугацаа хэтэрсэн аливаа өргүй байх;

5. Шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд өр төлбөргүй байх;

6. Тодорхой албан тушаал эрхлэх, эсхүл үйл ажиллагаа явуулах эрхийг нь шүүхийн шийдвэрээр хасаагүй, аливаа шүүхийн шийдвэрээр ял шийтгэлгүй байх;

7. Ёс зүйн болон бизнесийн нэр хүнд нь компанийг удирдахад харшлахгүй байх.

ГУРАВ. НЭР ДЭВШИГЧИД ТАВИГДАХ ТУСГАЙ ШААРДЛАГА

1. Төрийн удирдлага, бизнесийн удирдлага, эрх зүй, санхүү эдийн засаг, эсвэл уул уурхай, хүнд үйлдвэрийн чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн, магистр болон түүнээс дээш зэрэгтэй байх;

2. Нийт 15-аас доошгүй жилийн ажлын туршлагатай үүнээс, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, хувийн хэвшил, төрийн байгууллагын удирдлагын түвшний албан тушаалд 13-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх;

3. Уул уурхайн салбарын бодлого, үйлдвэрлэл, төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтад оролцож байсан хангалттай мэдлэг, туршлагатай, нэгдлийн болон төр, бизнесийн салбарын уялдааг ханган ажиллах мэдлэг туршлагатай байх байх;

4. Удирдан зохион байгуулах, бусдыг манлайлах чадвартай, багаар ажиллах, хамтарч ажиллах, бүтээлч сэтгэлгээтэй, өндөр ёс зүйтэй, ажлын ачаалал даах чадвартай байх;

5. Салбарын эрсдэлийг тодорхойлж, удирдах мэдлэг, чадвартай байх;

6. Улс төрийн нөлөөлөл, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ангид байх, хамаарал бүхий этгээд нь төрийн захиргааны болон улс төрийн өндөр албан тушаал эрхэлдэггүй байх;

7. Компанийн засаглал болон чиг үүргээ хэрэгжүүлэхтэй холбоотой бусад мэргэшүүлэх сургалтад харагдсан байх;

8. Тэтгэврийн насанд хүрээгүй байх.

ДӨРӨВ. БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

1. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт (Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтээ тодорхой бичиж, өөрийн мэдлэг, ур чадвар, туршлагын талаар илэрхийлэх);

2. Анкет (2022 он, маягт №1), товч намтар, төгссөн сургуулийн гэрчилгээ, диплом;

3. Ажил байдлын тодорхойлолт (ажил эрхэлж байсан 2-оос доошгүй байгууллагаасаа тодорхойлолт авах, иргэн өөрийн хийж гүйцэтгэсэн ажлын талаарх мэдээлэл);

4. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа (e-mongolia);

5. Боловсролын диплом, мэргэжлийн үнэмлэх, сургалт семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар, Компанийн засаглалын сургалтад хамрагдсан гэрчилгээ (гадаадад их, дээд сургууль төгссөн бол баталгаат орчуулгын хамт);

6. Иргэний үнэмлэхийн хуулбар;

7. Ашиг сонирхлын зөрчилгүй талаар нотлох баримт болон нийтлэг шаардлагыг хангаж байгаагаа илэрхийлсэн баталгааны хуудас;

8. Зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй тухай тодорхойлолт /e-mongolia/;

9. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай лавлагаа /e-mongolia/;

10. Нэр дэвшигчид тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хангасан тухайгаа тодорхойлох лавлагаа болон бусад нэмэлт материалууд.

ТАВ.СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ҮЕ ШАТ

1. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт ирүүлсэн иргэний материалын бүрдэл, тухайн албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагад нийцэж байгаа эсэхийг үнэлж, хамгийн өндөр үнэлгээ авсан 5 хүртэлх оролцогчийг ярилцлагын шалгалтад оруулна.

2. Ярилцлагын шалгалтын дүнгээр хамгийн өндөр үнэлгээ авсан 3 хүртэлх  оролцогчийн материалыг Төлөөлөн удирдах зөвлөлд танилцуулна.

3. Төлөөлөн удирдах зөвлөл хамгийн өндөр үнэлгээ авсан 3 хүртэлх оролцогчоос Гүйцэтгэх удирдлагыг сонгож, гэрээ байгуулна.

ЗУРГАА. МАТЕРИАЛ ХҮЛЭЭЖ АВАХ ГАЗАР, ХУГАЦАА

⦁ Сонгон шалгаруулалтад оролцох иргэний материалыг 2026 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн өглөөний 09.00 цаг хүртэл цаасан хэлбэрээр битүүмжлэн, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн байранд хүлээн авна. (Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Бага тойруу-1, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн байр, хуучнаар Элит төв.)

⦁ Нэмэлт мэдээллийг (976) 88880769, (976) 99156047 дугаарын утаснаас авна уу.

⦁ Цахим хаяг: solongo.s@erdenesmongol.mn

ДОЛОО. АНХААРАХ ЗҮЙЛС

1. Материалыг битүүмжилсэн байх ба дугтуйн гадна талд сонгон шалгаруулалтад оролцогч иргэний оршин суух хаяг, холбоо барих утасны дугаар, нэрээ дэвшүүлж буй компанийн нэрийг тус тус гаргацтай бичнэ.

2. Бүрдүүлэх материалыг цахимаар ирүүлэх тохиолдолд нэг PDF файл болгох, цаасаар ирүүлэх тохиолдолд нэг дугтуйнд зөвхөн 1 сонгон шалгаруулалтын материалыг хийнэ. /Хавсаргасан материалын жагсаалт, хуудасны тоог заавал бичнэ./

3. Материалыг сонгон шалгаруулалтын дараа буцаан олгохгүй болно.

4. Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахаас татгалзана.

5. Материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасна.

6. Сонгон шалгаруулалтын шаардлага хангасан иргэнтэй холбоо барина.

“ШИВЭЭ-ОВОО” ХК-ИЙН

ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН

НЭР ДЭВШҮҮЛЭХ ХОРОО

2026 он