ТӨРИЙН ӨМЧИЙН БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗРЫГ ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР ШАГНАВ

            Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийн болон орон нутгийн өмчийн салба

            Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийн болон орон нутгийн өмчийн салбарын ажилтан, албан хаагчидтай уулзлаа. Соёлын төв өргөөнд болсон уг уулзалтад УИХ-ын гишүүн, Засгийн газрын ХЭГ-ын дарга Б.Энхбаяр, Ерөнхийлөгчийн хот, хөдөөгийн хөгжлийн бодлогын зөвлөх Т.Энхтүвшин, эдийн засгийн бодлогын зөвлөх Д.Баярсайхан, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, төрийн болон орон нутгийн өмчийн байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөлөл 1300 гаруй хүн оролцов.

            Уулзалтыг нээж Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл үг хэлсэн. Тэр бээр салбарын ажилтан, албан хаагчидтай уулзаж буй Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд талархал илэрхийлээд энэхүү уулзалтад 21 аймаг, төрийн болон орон нутгийн өмчийн асуудал эрхэлсэн байгууллагуудын удирдлага, ажилтан, албан хаагчид, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компанийн инженер техникийн ажилтан, ажилчдын төлөөлөл бүхий салбарынхан хуран цуглаад байгааг дурдаад “Төрийн болон орон нутгийн өмч бол улс орны эдийн засгийн бие даасан байдал, үндэсний аюулгүй байдал, ард иргэдийн нийтлэг эрх ашигтай салшгүй холбоотой үндэсний баялаг юм. Энэхүү баялгийг хамгаалах, үр ашигтай удирдах, үнэ цэнийг нь нэмэгдүүлж, үр өгөөжийг нь ард иргэдэд хүргэх нь бидний эрхэм зорилго, хүлээсэн өндөр хариуцлага билээ. Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүд уул уурхай, эрчим хүч, зам тээвэр, мэдээлэл холбоо, дэд бүтэц зэрэг стратегийн салбарт үйл ажиллагаа явуулж, улс орны эдийн засгийн хөгжил, иргэдийн амьдралд чухал үүрэг гүйцэтгэж байна” хэмээн салбарынхаа тухай товч танилцуулсан.  

            Мөн төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд Улсын бүртгэлд бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийн 0,5 хувийг эзэлдэг бөгөөд өнгөрсөн онд 1,7 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, баялгийн санд 378.0 тэрбум төгрөг төвлөрүүлсэн гэдгийг онцолж байв. Түүнчлэн төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд 2025 онд 6,5 их наяд төгрөгийн татвар хураамж, ногдол ашгийг улсад төвлөрүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал”, “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөнүүд, “Цагаан алт” хөтөлбөрийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд төрийн өмчит хуулийн этгээдүүд өөрсдийн чиг үүргийн хүрээнд оролцож байгааг дуулгалаа.

            Салбарын хамт олонтой уулзахаар ирсэн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган үүсэн байгуулагдаад 30 жилийн ойтойгоо золгож байгаа Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор, нэр бүхий хүмүүсийг гавьяат цол, төрийн одон медалиар шагнасныг уулзалтын эхэнд гардуулсан юм. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн өмчийн  эзэмшилт, ашиглалт, хадгалалт, хамгаалалтад хяналт тавих, бүртгэл, тооллого хийх, түүний үр ашгийг дээшлүүлэх чиг үүргээ  хариуцлагатай гүйцэтгэж байгаа гурван арваны түүхтэй Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын туганд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонг хүндэтгэлтэйгээр зүүж өглөө.

            Мөн Орхон аймгийн Өмчийн харилцааны газрын дарга асан        Пүрэвсүрэнгийн Лхагвасүрэнд Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цол, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Удирдлага төлөөллийн албаны дарга Вандангийн Дарханбаатар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Төрийн өмчийн бүртгэл, ашиглалтын хэлтсийн дарга Даваахүүгийн Нарангэрэл нарт Гавьяат эдийн засагч цол хүртээснийг гардууллаа.

            Шагналын хур буусан энэ өдөр Ерөнхийлөгчийн зарлиг тосож Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын Төрийн өмчийн удирдлага, зохицуулалтын газрын хэлтсийн дарга Цэнддаваагийн Баяр-Эрдэнэ, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Даваасамбын Дэлгэрмаа, Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Нацагдоржийн     Ганболд, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн Дашдоржийн     Сувдмаа, Удирдлага, зохицуулалтын хэлтсийн мэргэжилтэн Даваагийн Одмаа, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн Батчулууны Мөнхбаатар, “Алтан гадас” одонгоор Хэнтий аймгийн Орон нутгийн өмчийн газрын дарга Долгорын Билгээ, Төв аймгийн Орон нутгийн өмчийн газрын дарга Дансрангийн Батжаргал, Хөдөлмөрийн хүндэт медалиар Төрийн өмчийн бүртгэл, ашиглалтын хэлтсийн мэргэжилтэн Гаадансүрэнгийн Одгэрэл, Хуулийн газрын ахлах мэргэжилтэн Өлзийбаярын Саранцэцэг, Дорноговь аймгийн Орон нутгийн өмчийн газрын бүртгэл, мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Сумъяагийн Энхнаран, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн Аварзэдийн Алтаншагай нар шагнуулсан.

            Монгол Улсын Ерөнхийлөгч Эзэн Богд Чингис хааны эш хөргийг хүндэтгэн залах тухай зарлиг гарган байгууллага, монгол хүн бүр, айл өрх, аж ахуйн нэгж, байгууллага их хааны хөргийг эрхэмлэн залж, дээдлэн шүтэж, Чингис хааны суу алдар, үйл хэрэг, билиг сургаалыг эрхэмлэн дээдэлж, даган мөрдөж, төрт ёсны үнэт зүйл, өв соёлыг үр хойчдоо өвлүүлэн үлдээж, эе эеэ сахин бататгаж, улс орноо мандуулахад хувь нэмрээ оруулахыг уриалсан. Энэ дагуу Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт залах Эзэн богд Чингис хааны эш хөргийг тус газрын дарга Б.Цэнгэлд хүндэтгэлтэйгээр гардуулан өглөө.