Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр төрийн өмчит компаниудын төлөөлөлд зориулж, “Төрийн өмчит компанийн
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр төрийн өмчит компаниудын төлөөлөлд зориулж, “Төрийн өмчит компанийн шинэчлэл-IPO” сэдвээр сургалт зохион байгууллаа. Арга хэмжээний нээлтийн үйл ажиллагааг эхлүүлж, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл үг хэлсэн бөгөөд тус сургалт нь дараах 4 илтгэлээс бүрдсэн. Үүнд:
- “Төрийн өмчит компанийн өмчлөл, засаглал, үр өгөөжийг сайжруулах зорилт түүнийг хэрэгжүүлэх нь” Илтгэгч: Ц.Баяр-эрдэнэ-ТӨБЗГ-ын Төрийн өмчийн удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга
- “Үнэт цаасны бүртгэлд тавигдах шаардлага, анхаарах асуудлууд“ Илтгэгч: А.Нинжин- Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын ахлах зөвлөх
- “Төрийн өмчит компанийг олон нийтийн болгох нь“ Илтгэгч:А.Мөнхбаясгалан “Монголын хөрөнгийн бирж“-ТӨХК-ийн Хяналт, зохицуулалтын газрын захирал
- “IPO хийх ач холбогдол ба сайн туршлагууд“ Илтгэгч: Б.Өлзийбаяр- “Өлзий энд Ко капитал“ ХХК-ийн Гүйцэтгэх захирал
Дээр дурдсан сэдвийн хүрээнд сургалт явагдсан бөгөөд “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК, “Монголын цахилгаан холбоо“ ХК, “Үндэсний давхар даатгал” ХК, “Мэдээлэл, холбооны сүлжээ“ ТӨХХК, “Мэдээлэл, технологийн үндэсний парк“ ТӨҮГ болон Төрийн өмчит Авто зам засвар, арчлалтын 20 компанийн удирдлага, албан хаагчид тус сургалтад оролцсон юм.
IPO буюу “Initial Public Offering” гэдэг нь олон нийтэд хувьцаагаа анх удаа хөрөнгийн биржээр дамжуулан худалдах үйл ажиллагааг хэлнэ. IPO гаргах үйл ажиллагааг олон улсад бизнес эрхлэгчид, компаниуд маш үр дүнтэйгээр амжилттай хэрэгжүүлдэг. Манай улсын хувьд сүүлийн жилүүдэд хөрөнгийн зах зээлийн салбар эрчимтэй хөгжиж, хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 2022 оны 1 дүгээр улирлын байдлаар 5.38 их наяд төгрөг болсон.
Үүнтэй холбоотойгоор олон нийт нь IPO-ийн ерөнхий ойлголт ухагдахуунтай болж, үүний тухай мэдлэгээ сайжруулах хүсэлтэй компани болон бизнес эрхчлэгч иргэд улам ихэсч байна.
Тийм учраас Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар тус сургалтыг санаачлан амжилттай зохион байгуулав. Сургалтад хамрагдсан оролцогчид нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж, санал солилцон идэвхтэй оролцсон юм.
IPО нь үр дүнтэйгээр хэрэгжсэнээр хөрөнгийн өгөөж өсч, компанийн засаглал сайжирч, олон нийтийн хяналтын тогтолцоо бий болох зэрэг нийгэм, эдийн засагт олон давуу тал ач холбогдолтой.