Компанийн тухай хуулийн 62.1.7, 75.4, 81.5.1, 81.5.2, 81.5.3 дахь заалтууд, Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 85 дугаар тогтоолоор баталсан
Компанийн тухай хуулийн 62.1.7, 75.4, 81.5.1, 81.5.2, 81.5.3 дахь заалтууд, Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 85 дугаар тогтоолоор баталсан “Төрийн өмчит компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах нийтлэг журам”-ыг тус тус үндэслэн “Боомтын хөгжлийн корпорац” ТӨХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүний 3 /гурав/ орон тоон дээр нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
Нэг. Хараат бус гишүүнд нэр дэвшигчдэд тавигдах шаардлага
Хараат бус гишүүнд тавигдах нийтлэг шаардлага:
- Тухайн хуулийн этгээдийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний үүргийг гүйцэтгэхэд шаардагдах ур чадвар, мэдлэг боловсрол, ажлын туршлагатай байх
- Тухайн хуулийн этгээдийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн байхад ашиг сонирхол үүсэхгүй байх
- Нэр дэвшигч нь өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээд нь компанийн төлөөлөн удирдах зөвлөлд бие дааж нэр дэвшүүлэх эрх олгохуйц хувьцааны багцыг эзэмшдэггүй байх
- Нэр дэвшигч өөрөө, эсхүл эхнэр, нөхөр, эцэг, эх, хүүхэд, төрсөн ах, эгч, дүү болон тэдгээртэй нэгдмэл сонирхолтой этгээд нь компани эсхүл түүний хараат, охин компанид эрх бүхий албан тушаал эрхэлдэггүй, сүүлийн 3 жилийн хугацаанд ажил, албан тушаал эрхэлж байгаагүй байх
- Компани эсхүл түүний хараат, охин компанитай нэгдмэл сонирхолтой болон компанийн үйл ажиллагаанд оролцогч талуудын (зээлдүүлэгч, хувь нийлүүлэгч, хувьцааны багцыг эзэмшигч, хамтран ажиллагч гэх мэт) ашиг сонирхлыг төлөөлдөггүй байх
- Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн бусад гишүүн, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүн болон хяналтын багц эзэмшигчтэй нэгдмэл сонирхолтой этгээд биш, эсхүл тэдгээртэй төрөл, садны холбоогүй байх
- Эрүүгийн хуульд заасан эдийн засгийн, авлигын, өмчийн эсрэг гэмт хэрэгт шүүхийн шийдвэрээр гэм буруутай нь тогтоогдож байгаагүй байх
- Эрх бүхий албан тушаалтнаар нь ажиллаж байсан хуулийн этгээд нь дампуурсан, төлбөрийн чадваргүй болсон нь түүнээс аливаа хэлбэрээр шалтгаалаагүй байх
- Тодорхой албан тушаал эрхлэх, эсвэл үйл ажиллагаа явуулах эрхийг нь шүүхийн шийдвэрээр хасаагүй, Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдэж шүүхээс ял шийтгэл хүлээгээгүй байх
- Компанийн засаглалын сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан байх
- Төрийн үйлчилгээнийхээс бусад төрийн алба хашдаггүй байх
- Төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрээгүй байх
- Тухайн салбарын төрийн өмчит болон хувийн өмчийн хуулийн этгээдийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажилладаггүй байх
Хараат бус гишүүнд тавигдах тусгай шаардлага
- Зам тээвэр, эрчим хүч, уул уурхай, хууль, банк санхүүгийн аль нэг чиглэлийн мэргэжил эзэмшсэн. Дээрх чиглэлүүдээр 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай. Үүнээс хөрөнгө оруулалт, бизнес төлөвлөлт, стратеги, менежментийн чиглэлээр удирдах албан тушаалд ажилласан туршлагатай байх
- Компани болон хувьцаа эзэмшигчээс нөлөөлж болох ажил хэргийн болон хувийн харилцаа холбоогүй, бие даасан шийдвэр гаргах чадвартай;
- Компанитай ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг, өрсөлдөгч аж ахуйн нэгжийн удирдлагад ажиллаж байгаагүй, эсхүл ажилладаггүй
- Бүтээлч идэвхтэй, ажлын хувь нэмэр оруулах хүсэл эрмэлзэлтэй, шударга, өндөр ёс зүйтэй, харилцааны чадвартай, хараат бусаар бие дааж шийдвэр гаргах болон багаар хамтарч ажиллах чадварууд эзэмшсэн байх
- Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний үүргээ биелүүлэхэд хангалттай цаг зарцуулах боломжтой байх
Төрийн өмчит хуулийн этгээдийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан болон төрийн худалдан авах ажиллагаанд оролцож байсан туршлагатай бол давуу тал болно.
Хоёр. Бүрдүүлэх материалын жагсаалт
- Өөрийн мэдлэг, ур чадвараа илэрхийлж, ажил байдлаа тодорхойлсон, сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт;
- Төрийн албан хаагчийн анкет, 4х6 хэмжээтэй цээж зураг наасан байх;
- Ажил байдлын тодорхойлолт (ажил эрхэлдэг иргэн байгууллагаасаа тодорхойлолт авах, ажил эрхэлдэггүй иргэн өөрийн хийж гүйцэтгэсэн ажлын талаарх мэдээлэл);
- Ажилласан жилийг тооцох хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /E-Mongolia/
- Боловсролын диплом, үнэмлэх, бусад сургалт, семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
- Иргэний үнэмлэхийн хуулбар;
- Компанийн засаглалын гэрчилгээний хуулбар;
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан болон хүлээж байгаа эсэх талаарх тодорхойлолт /E-Mongolia/
- Банк, санхүүгийн байгууллагын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй тухай лавлагаа /E-Mongolia/;
- Холбогдох хууль тогтоомж болон нэр дэвшигчид тавигдаж байгаа нийтлэг шаардлагыг хангаж байгааг илэрхийлсэн бусад холбогдох материалууд
Гурав. Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хаяг, хугацаа
Сонгон шалгаруулалтад оролцох нэр дэвшигчийн материалыг Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага тойруу-14200, Ерөнхий сайд А.Амарын гудамж-19, “Монголын үнэн” сонины байр 3 давхарт 303 тоотод 2025 оны 04 сарын 30 өдрийн 17 цаг хүртэл хүлээн авна.
Холбогдох утасны дугаар: 51-262611
Дөрөв. Анхаарах зүйлс
- Сонгон шалгаруулалтад оролцох нэр дэвшигчийн материалыг битүүмжилсэн байх ба дугтуйны гадна талд “Боомтын хөгжлийн корпорац” ТӨХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд” гэж хаяглан, холбоо барих утасны дугаарыг гаргацтай бичнэ.
- Нэг дугтуйнд зөвхөн 1 сонгон шалгаруулалтын баримт бичгийг хийнэ.
- Баримт бичгийг сонгон шалгаруулалтын дараа буцаан олгохгүй.
- Хугацаа хоцорсон баримт бичгийг хүлээн авахаас татгалзана.
- Баримт бичгийн бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасна.
- Зөвхөн сонгон шалгаруулалтын шаардлага хангасан иргэнтэй холбоо барина.
“БООМТЫН ХӨГЖЛИЙН КОРПОРАЦ” ТӨХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛ
2025 ОН