Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.7 дахь заалт, 75 дугаар зүйлийн 75.4, 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэг, 81 дүгээр зүйлийн 81.5.1, 81.5
Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.7 дахь заалт, 75 дугаар зүйлийн 75.4, 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэг, 81 дүгээр зүйлийн 81.5.1, 81.5.2, 81.5.3 дахь заалтыг тус тус үндэслэн “Авто замын засвар арчлалтын нэгтгэл” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
Сонгон шалгаруулах хараат бус гишүүний тоо – 4
Нэг. Хараат бус гишүүнд нэр дэвшигчид тавигдах шаардлага:
А. Ерөнхий шаардлага:
- Тухайн хуулийн этгээдийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний үүргийг гүйцэтгэхэд шаардагдах ур чадвар, мэдлэг боловсрол, ажлын туршлагатай байх;
- Тухайн хуулийн этгээдийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн байхад ашиг сонирхол үүсэхгүй байх;
- Сүүлийн дөрвөн жил улс төрийн намын ажилтан, сонгуульт удирдах албан тушаал хашиж байгаагүй, эсхүл улс төрийн албан хаагчаар ажиллаж байгаагүй;
- Нэр дэвшигч нь өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран компанийн энгийн хувьцааны таваас дээш хувийг эзэмшдэггүй байх;
- Нэр дэвшигч өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээд нь компанийн болон компани оролцогч нь болж байгаа компанийн нэгдлийн бусад оролцогчид ажил, эрх бүхий албан тушаал эрхэлдэггүй, эсхүл сүүлийн 3 жилийн хугацаанд ажил, албан тушаал эрхэлж байгаагүй байх;
- Төрийн үйлчилгээнээс бусад төрийн алба хашдаггүй байх;
- Тухайн компанитай бизнесийн аливаа холбоогүй байх;
- Компанийн засаглалын сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан байх;
- Засгийн газрын 2023 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 85 дугаар тогтоолоор баталсан нийтлэг шаардлагыг хангасан байх;
Б. Нэр дэвшигчид тавигдах тусгай шаардлага:
1. Эдийн засаг, санхүү, нягтлан бодох бүртгэл, Бизнесийн удирдлага, Эрх зүй, Инженерийн чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн, мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх;
2. Сүүлийн 5 жилийн хугацаанд авто замын засвар арчлалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан төрийн өмчит компанид ажиллаж байгаагүй, одоо ажилладаггүй /энэ шаардлага одоо ажиллаж буй ТУЗ-ийн Хараат бус гишүүдэд хамаарахгүй/*, мөн ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг, өрсөлдөгч аж ахуйн нэгжид ажиллаж байгаагүй, бизнесийн хэлхээ холбоогүй байх;
3. а. Эдийн засаг, санхүү, нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтэй бол Монгол Улсын мэргэшсэн нягтлан бодогч, эсхүл татварын мэргэшсэн зөвлөх, эсхүл аудитын чиглэлээр ажиллаж байсан бол;
б. Бизнесийн удирдлагын чиглэлээр мэргэжилтэй бол тухайн үйл ажиллагааны чиглэлээр олон улсын хуулийн этгээд, байгууллагад ажиллаж байсан, эсхүл томоохон төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэн ажиллаж байсан бол;
в. Эрх зүйч мэргэжилтэй бол хуульчийн сонгон шалгаруулалтад тэнцсэн хуульчийн гэрчилгээтэй, бизнесийн эрх зүй, компани, иргэний эрх зүйн чиглэлээр мэргэшсэн бол;
г. Авто замын барилга, гүүрний инженерийн чиглэлээр мэргэжилтэй бол Авто замын засвар, зам барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээдэд ажиллаж байсан, удирдах албан тушаал эрхэлж байсан туршлагатай бол;
д. Нэр дэвшигч нь компанийн хөрөнгө оруулалтын чиглэлээр ажиллаж байсан туршлагатай бол тус тус давуу тал болно.
Хоёр. Нэр дэвшигчийн бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт:
- Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт;
- Төрийн албан хаагчийн анкет, 2 хувь 4х6 хэмжээтэй цээж зураг;
- Оршин суугаа газрын тодорхойлолт, эсхүл лавлагаа /E-Mongolia/;
- Ажил байдлын тодорхойлолт (ажил эрхэлдэг иргэн байгууллагаас тодорхойлолт авчрах, ажил эрхэлдэггүй иргэн өөрийн хийж гүйцэтгэсэн ажлын талаарх мэдээллийг, нотлох баримтын хамт ирүүлэх);
- Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /E-Mongolia/;
- Боловсролын диплом, үнэмлэх, бусад сургалт, семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
- Иргэний үнэмлэхийн хуулбар;
- Компанийн засаглалын гэрчилгээний хуулбар;
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан болон хүлээж байгаа эсэх талаарх тодорхойлолт /E-Mongolia/.
Гурав. Сонгон шалгаруулалтын баримт бичиг хүлээн авах хугацаа:
Сонгон шалгаруулалтад оролцох иргэний баримт бичгийг 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 10:00 цаг хүртэл хүлээн авна.
Дөрөв. Сонгон шалгаруулалтын баримт бичиг хүлээн авах газар:
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Амарын гудамж “Интер” оффис” 305 тоот, Утас: 66911581
Анхаарах зүйлс:
- Баримт бичгийг битүүмжилсэн байх ба дугтуйн гадна талд “Авто замын засвар арчлалтын нэгтгэл” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн Нэр дэвшүүлэх түр хороонд гэж хаяглан, сонгон шалгаруулалтад оролцогч иргэний оршин суугаа хаяг, холбоо барих утасны дугаарыг гаргацтай бичнэ;
- Нэг дугтуйнд зөвхөн 1 сонгон шалгаруулалтын баримт бичгийг хийнэ;
- Баримт бичгийг сонгон шалгаруулалтын дараа буцаан олгохгүй;
- Хугацаа хоцорсон баримт бичгийг хүлээн авахаас татгалзана;
- Сонгон шалгаруулалтын шаардлага хангасан иргэнтэй холбоо барина.
“АВТО ЗАМЫН ЗАСВАР АРЧЛАЛТЫН НЭГТГЭЛ” ТӨХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН НЭР ДЭВШҮҮЛЭХ ТҮР ХОРОО