Засгийн газрын дэргэдэх ёс зүйн дэд хорооноос Төрийн өмчит, төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах албан хаагчдад ёс зүйн асуудлаар сургалт зохион байгуулав

“Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт “Чадварлаг, ёс зүйтэй төрийн алба”-ыг бэхжүүлэх зорилт тусгагдсан бөгөө

“Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт “Чадварлаг, ёс зүйтэй төрийн алба”-ыг бэхжүүлэх зорилт тусгагдсан бөгөөд тус зорилтын хүрээнд төрийн албанд ёс зүй, сахилга хариуцлагын оновчтой тогтолцоог бүрдүүлэх, ёс зүйтэй төрийн албыг төлөвшүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэхээр заасан. 

Монгол Улсын Их Хурлаас 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг баталсан бөгөөд, хуулийн хэрэгжилтийг хангах, төрийн албан хаагчдын ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэх хүрээнд Улсын Их Хурлын 2024 оны 27 дугаар тогтоолоор “Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хөтөлбөр (2024-2030)”-ийг батлаад байна.

Засгийн газрын дэргэдэх Ёс зүйн дэд хороо Ерөнхий сайдын 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 74 дүгээр захирамжаар байгуулагдсан ба тус хороо нь Төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон эрх бүхий албан тушаалтны ёс зүйн асуудлаар гаргасан гомдол, мэдээллийг шалгаж, шийдвэрлэх, үүсэж болзошгүй ёс зүйн зөрчилд дүн шинжилгээ хийх, шалтгаан, нөхцөл, эрсдэлийг тооцох, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах үүрэгтэй.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нь Засгийн газрын дэргэдэх Ёс зүйн дэд хороотой хамтран 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах албан хаагчдад “Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн хэрэгжилт, ёс зүйн хэм хэмжээ, анхаарах асуудлууд” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

Тус сургалтын хүрээнд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга бөгөөд Засгийн газрын дэргэдэх Ёс зүйн дэд хорооны гишүүн Б.Цэнгэл, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Засгийн газрын хүний нөөцийн газрын дарга бөгөөд Засгийн газрын дэргэдэх Ёс зүйн дэд хорооны нарийн бичиг П.Сарангэрэл нар ёс зүй, ёс суртахууны ойлголт, байгууллагын соёл, төрийн албан хаагчийн ёс зүйн хууль тогтоомж, ёс зүйн хороо, ёс зүйн дэд хорооны үйл ажиллагааны тухай болон ёс зүйн асуудлаарх олон улсын туршлага, цаашид авах арга хэмжээний талаарх агуулгыг багтаасан “Төрийн албан хаагчийн ёс зүй” сэдэвт илтгэлийг 98 төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах албан хаагчдад танилцуулж, хэлэлцүүлэг зохион байгууллаа.