“МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨРИЙН ӨМЧИТ ХУВЬЦААТ КОМПАНИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.7, 75 дугаар зүйлийн 75.4, 81 дүгээр зүйлийн 81.5.1, 81.5.2, 81.5.3 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн г

Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.7, 75 дугаар зүйлийн 75.4, 81 дүгээр зүйлийн 81.5.1, 81.5.2, 81.5.3 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 85 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн өмчит компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах нийтлэг журам”-ыг тус тус үндэслэн “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус 1 (нэг) гишүүний сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

Сонгон шалгаруулалт нь 1) Материалын бүрдэл шалгах 2) Нийтлэг болон тусгай шаардлагыг үнэлэх 3) Ярилцлага гэсэн 3 үе шаттай явагдана.

А. Хараат бус гишүүнд нэр дэвшигчид хууль тогтоомжоор тавигдах нийтлэг шаардлага:

  1. Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний үүргийг гүйцэтгэхэд шаардагдах ур чадвар, мэдлэг боловсрол, ажлын туршлагатай байх;
  2. Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн байхад ашиг сонирхол үүсэхгүй байх;
  3. Эрүүгийн хуульд заасан эдийн засгийн, авлигын, өмчийн эсрэг гэмт хэрэгт шүүхийн шийдвэрээр гэм буруутай нь тогтоогдож байгаагүй байх;
  4. Сүүлийн дөрвөн жил улс төрийн намын ажилтан, сонгуульт удирдах албан тушаал хашиж байгаагүй, эсхүл улс төрийн албан хаагчаар ажиллаж байгаагүй байх;
  5. Эрх бүхий албан тушаалтнаар нь ажиллаж байсан хуулийн этгээд дампуурсан, төлбөрийн чадваргүй болсон нь түүнээс аливаа хэлбэрээр шалтгаалаагүй байх;
  6. Компани эсхүл түүний хараат, охин компанитай нэгдмэл сонирхолтой болон компанийн үйл ажиллагаанд оролцогч талуудын (зээлдүүлэгч, хувь нийлүүлэгч, хувьцааны багцыг эзэмшигч, хамтран ажиллагч гэх мэт) ашиг сонирхлыг төлөөлдөггүй байх;
  7. Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн бусад гишүүн, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүн болон хяналтын багц эзэмшигчтэй нэгдмэл сонирхолтой этгээд биш, эсхүл тэдгээртэй төрөл, садангийн холбоогүй байх;
  8. Компани эсхүл түүний хараат, охин компанийн томоохон харилцагчийн хяналтын багц эзэмшигч, эрх бүхий албан тушаалтан биш байх (нэг жилд тухайн харилцагчтай хийсэн хэлцлийн нийт дүн нь компанийн нийт активын 10-аас дээш хувьтай тэнцэж байвал томоохон харилцагч гэж үзнэ);
  9. Нэр дэвшигч нь өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээд нь компанийн төлөөлөн удирдах зөвлөлд бие дааж нэр дэвшүүлэх эрх олгохуйц хувьцааны багцыг эзэмшдэггүй байх;
  10. Нэр дэвшигч өөрөө, эсхүл эхнэр, нөхөр, эцэг, эх, хүүхэд, төрсөн ах, эгч, дүү болон тэдгээртэй нэгдмэл сонирхолтой этгээд нь компани эсхүл түүний хараат, охин компанид эрх бүхий албан тушаал эрхэлдэггүй, сүүлийн 3 жилийн хугацаанд ажил, албан тушаал эрхэлж байгаагүй байх;
  11. Тодорхой албан тушаал эрхлэх, эсвэл үйл ажиллагаа явуулах эрхийг нь шүүхийн шийдвэрээр хасаагүй, ял шийтгэл хүлээгээгүй байх;
  12. Салбарын төрийн өмчит, эсхүл хувийн өмчийн хуулийн этгээдийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажилладаггүй байх, мөн тус компанид хараат бус гишүүнээр томилогдсон тохиолдолд 2-оос илүүгүй Төлөөлөн удирдах зөвлөлд ажиллахаар байх;
  13. Төрийн үйлчилгээнийхээс бусад төрийн алба хашдаггүй байх;
  14. Төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрээгүй байх;
  15. Компанийн засаглалын сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан байх.

Б. Хараат бус гишүүнд нэр дэвшигчид тавигдах тусгай шаардлага:

1. Эдийн засаг, санхүү, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр:

1.1. Эдийн засаг, санхүү, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн, мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан байх;

1.2. Монгол Улсын мэргэшсэн нягтлан бодогч, эсхүл татварын мэргэшсэн зөвлөх байх, аудит ба баталгаажуулах үйлчилгээ эрхлэх эрх бүхий аудитороор бүртгэгдсэн байх;

1.3. Томоохон төсөл, төсөлт судалгааны ажил хийж байсан туршлагатай, мөн төрийн өмчит хуулийн этгээдийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнээр ажиллаж байсан бол давуу тал болно.

Нэр дэвшигчийн бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт:

  1. Өөрийн мэдлэг, ур чадвараа илэрхийлж, ажил байдлаа тодорхойлсон хүсэлт;
  2. Төрийн албан хаагчийн анкет, 2 хувь цээж зураг (4х6 хэмжээтэй);
  3. Ажил байдлын 2-оос доошгүй тодорхойлолт (ажил эрхэлдэг иргэн байгууллагаасаа тодорхойлолт авах, ажил эрхэлдэггүй иргэн өөрийн хийж гүйцэтгэсэн ажлын талаарх мэдээлэл);
  4. Ажилласан жилийг тооцох хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /E-Mongolia/;
  5. Боловсролын диплом, үнэмлэх, бусад сургалт, семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (гадаадад их, дээд сургууль төгссөн бол баталгаат орчуулгын хамт);
  6. Иргэний үнэмлэхийн хуулбар;
  7. Компанийн засаглалын гэрчилгээний хуулбар;
  8. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан болон хүлээж байгаа эсэх талаарх тодорхойлолт /E-Mongolia/;
  9. Банк, санхүүгийн байгууллагын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй тухай лавлагаа;
  10. Холбогдох хууль тогтоомж болон нэр дэвшигчид тавигдаж байгаа нийтлэг болон тусгай шаардлагыг хангаж байгаагаа илэрхийлсэн баталгааны хуудас;

Сонгон шалгаруулалтын баримт бичиг хүлээн авах газар, хугацаа:

Сонгон шалгаруулалтад оролцох нэр дэвшигчийн баримт бичгийг 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 17.00 цаг хүртэл Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Нарны зам 62, Юнион төвийн 7 давхар “Монголын төмөр зам” ТӨХК-ийн байранд хүлээн авна.

Анхаарах зүйлс:

  1. Баримт бичгийг битүүмжилсэн байх ба дугтуйны гадна талд ““Монголын төмөр зам” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн Нэр дэвшүүлэх түр хороонд” гэж хаяглан, холбоо барих утасны дугаарыг гаргацтай бичнэ.
  2. Нэг дугтуйнд зөвхөн 1 сонгон шалгаруулалтын баримт бичгийг хийнэ.
  3. Баримт бичгийг сонгон шалгаруулалтын дараа буцаан олгохгүй.
  4. Хугацаа хоцорсон баримт бичгийг хүлээн авахаас татгалзана.
  5. Баримт бичгийн бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасна.
  6. Зөвхөн сонгон шалгаруулалтын шаардлага хангасан иргэнтэй холбоо барина.
  7. “Төрийн өмчит компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах нийтлэг журам”-д заасны дагуу сонгон шалгаруулалтыг зохион байгуулна.

Нэмэлт мэдээллийг 99089141 дугаарын утаснаас авна уу.

“МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН НЭР ДЭВШҮҮЛЭХ ТҮР ХОРОО