ШИНЭ ЖИЛИЙН МЭНДЧИЛГЭЭ 

Төрийн өмчит болон Орон нутгийн өмчит салбарын нийт ажилтан, албан хаагчид, үе үеийн ахмад ажилтнууд, тэдний гэр бүл, хамтран ажилладаг байгууллага,

Төрийн өмчит болон Орон нутгийн өмчит салбарын нийт ажилтан, албан хаагчид, үе үеийн ахмад ажилтнууд, тэдний гэр бүл, хамтран ажилладаг байгууллага, хамт олон, үйлчлүүлэгч нарт шинэ жилийн баярын мэндийг хүргэж, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын нэрийн өмнөөс болон хувиасаа сайн сайхан бүхнийг хүсэн мэндчилье.

Хоёр он солигдох ховорхон мөчид төрийн болон нийтийн эрх ашгийг хамгаалах нэн хариуцлагатай салбарт ажиллаж, амьдарч буй албан хаагчдын хувьд улиран одож буй 2023 он оргилсон их ажлаар дүүрэн, оройлон гүйцэтгэсэн амжилт бүтээлээр арвин, онцгой сайхан үр дүнтэй жил байлаа.  

Төрийн өмчит хуулийн этгээдийг хувьцаа гаргаж биржээр арилжаалах ажлыг олон нийтийн хяналттай хэрэгжүүлэх, санхүүгийн сахилга батыг өндөрсгөх, үйл ажиллагааг ил тод нээлттэй, үр дүн сайтай байх ажлын эхлэл ийнхүү тавигдав. “Төрийн банк” ХК, “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн тус бүрийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжаа төлөвлөснөөс илүү амжилттай болсон ач холбогдолтой юм. Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг үр дүнтэй хэрэгжүүлснээр төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 98 ААН-ийн орлогын хэмжээ, төлсөн татварын дүн өссөн үзүүлэлттэй гарав.

Түүнчлэн ЗГХЭГ-тай хамтран төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 98 ААН-ийг эрэмбэлэхэд “ТОП-5 төрийн өмчит ААН”-ээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс таван толгой” ХК, “Төрийн банк” ХК, “МИАТ” ТӨХК, “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-иуд бусдыгаа хошуучилж тэргүүлэв.

ТӨБЗГ-ын удирдлагын баг БНХАУ-ын Төрийн өмчийн хяналт, удирдлагын хороо (SASAC)-той хамтын ажиллагааны хүрээнд БНХАУ-д зургаадугаар сард Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэийн айлчлалын үеэр санамж бичиг байгуулж гарын үсэг зурлаа. Мөн 9-р сард ӨМӨЗО-ны Хөх хотноо “Монгол-Хятадын төрийн өмчит ААН-ийн шинэчлэл, хөгжил” форумыг талууд зохион байгуулж, ЗГХЭГ, ТӨБЗГ болон төрийн өмчит ААН-ийн төлөөллүүд оролцлоо.

Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой ААН-үүд улсын төсөвт 405.7 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлсэн бөгөөд бүртгэлийн программ хангамжийг өргөтгөж, мэдээллийн санг цахимжуулах, ил тод болгох ажил үргэлжилж байна. Монгол Улс дахь ОХУ-ын маргаантай өмчийн асуудлаар хоёрдугаар шатны ажлыг дуусгаж, Засгийн газар хоорондын Комиссын хуралдаанд тайлагнав. Аймаг, нийслэлийн Орон нутгийн өмчийн газруудад 14 удаагийн цахим болон танхимын сургалт зохион байгуулан мэргэжил, арга зүйгээр хангав. Төрийн өмчит 1021 байгууллагын “Төрийн өмчийн эзэмшүүлэх гэрээ”-г дүгнэлээ. Төрийн өөрийн өмчийн 906 түрээсийн гэрээг 119 байгууллагатай байгуулснаар улсын төсвийн орлогын төлөвлөгөөг 200%-иар давуулан биелүүлэв. Төрийн өмчит 48 хуулийн этгээдэд Төрийн хяналт, шалгалтыг хийж, улсын төсөвт 198.6 сая төгрөгийг нөхөн төлүүлэв. ТӨБЗГ-ын хуралдаанд Хяналт, шалгалтын ажлын 54 тайланг танилцуулж, үр дүнг баталгаажуулж, зөрчил дутагдлыг арилгах арга хэмжээ авлаа.

Хууль, хяналтын байгууллагаар хянагдаж буй 61 хэрэг, маргаанд нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, хохирогч, иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдон оролцсоноос нийт 24 хэрэг, маргааныг ТӨБЗГ-ын талд эцэслэн шийдвэрлэгдсэн үр дүнг үзүүллээ. Өмчийн харилцаанд холбогдох хууль, тогтоомжийн эмхэтгэл, гарын авлага бэлтгэж хэвлүүлэн нийт албан хаагчдад гардуулж өгөв. Нийслэлийн Прокурорын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын удирдлагуудтай уулзалт хийж, санал солилцон хамтран ажиллав. 

ТӨБЗГ-ын хуралдаанаар 890 шийдвэр гаргаж, төрийн өмчийн харилцааны асуудлыг шийдвэрлэж, 1363 байгууллагын хөрөнгийн зохицуулалтыг хийв. Аймгийн Орон нутгийн өмчийн газрын бүтэц, зохион байгуулалт, албан тушаалын жишиг загварыг гаргаж, Төрийн албаны зөвлөлтэй хамтран нэгдсэн байдлаар баталж мөрдүүлэх ажлыг эхлүүлэв.

Авлигатай тэмцэх газартай хамтран “Бид–Ёс зүйг эрхэмлэсэн, авлига, ашиг сонирхлын зөрчилгүй хамт олон”  авлигын эсрэг аянд нэгдэж, 20 орчим хууль, эрх зүйн мэдлэг дээшүүлэх лекц, сургалт, танин мэдэхүй, соён гэгээрүүлэх арга хэмжээг зохион байгуулж, төрийн өмчит 90 гаруй байгууллагын 640 гаруй албан хаагчдыг хамруулж, нөлөөллийн ажил хийв.

“ТӨБЗГ-ын албан хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөр”-ийг баталж, төрийн захиргааны есөн албан хаагчийн зэрэг дэвийг ахиулан шинээр олгож, найман албан хаагчдад хууль тогтоомж, журмын дагуу тусламж, дэмжлэг үзүүлэв. Төрийн үйлчилгээний дөрвөн албан хаагчийн ур чадварын нэмэгдлийг тооцож, албан хаагчдын хоол, унааны зардлыг шинэчлэн нэмэгдүүлэв. Нийт албан хаагчдын цалинг Засгийн газрын шийдвэрийг дагуу шинэчлэн тооцож, “Ахмадын сан” байгуулах шийдвэр гаргалаа.

Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд сайн засаглалыг хэрэгжүүлэх, удирдлага, менежментийг улам боловсронгуй болгох нөр их ажилд нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэж, Төрийн өмч, хөрөнгийн менежер ТӨБЗГ-ын нийт албан хаагчдад айлчлан ирж буй 2024 ондоо эрүүл саруул, энх тунх байж, аз жаргал, амжилт бүтээл арвин байхын өлзийтэй сайхан ерөөлийг дэвшүүлье!

ТӨРИЙН ӨМЧИЙН БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗРЫН ДАРГА Б.ЦЭНГЭЛ